Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хоёр дахин эрчимтэй явагдаж, эрчим хүчний асуудалтай нүүр тулж буй манай улсад нэгэн таатай мэдээ байгаа нь дэлхийд тэргүүлэгч, 125 жилийн түүхтэй Нидерланд улсын гэрэлтүүлгийн компани болох Philips Signify Монгол улсын дэд бүтцийн салбарт албан ёсоор орж ирсэн явдал юм.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг болох нүүрс хүчлийн хийг багасгахад урт удаан эдэлгээтэй, эрчим хүч, эдийн засгийн хэмнэлттэй гэрэлтүүлэг нэн чухал үүрэгтэй бөгөөд тус компанийн үйлдвэрлэдэг гэрэлтүүлгийн бүтээгдэхүүн, шийдлүүд нь энэ чиглэлд дэлхийд тэргүүлдэг юм байна.
Philips Signify нь зөвхөн гудамж, авто замын гэрэлтүүлгийн чиглэлд л гэхэд дэлхийн 58 оронд 3,100,000 гэрлийн шон цэгээс бүрдсэн 2500 төсөл хэрэгжүүлсэн байдаг ба энэ нь дэлхий дээрх нийт авто замын гэрэлтүүлгийн 5%-ийг эзэлдэг байна.
Барилгын дотор, гадна дизайны өнгө төрх, гоо зүйг цогцлоох, хэрэглэгчдийн тав тухыг бүрдүүлэх, орчны аюулгүй байдлыг бий болгоход чухал нөлөөтэй архитектурын элемент нь сайтар тооцоолсон, өндөр чанарын гэрэлтүүлэг, түүний ухаалаг удирдлагын систем байдгийг мөн тус компанийн төлөөлөгчид онцолж байсан юм.
Comments